Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх механизм цахим системийг танилцууллаа


Нийтэлсэн: Admin. 2020-06-30


Card image cap

МҮХАҮТ, Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон Үндэсний хөгжлийн газар хамтран Засгийн газарт хөрөнгө оруулагчийн гомдлыг түргэн шуурхай, ил тод байдлаар шийдвэрлэх, Монгол Улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд туслах цахим системийг танилцууллаа.

Уг нээлтийн арга хэмжээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдууд, ГХЯ,ҮХГ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, болон Бизнесийн холбоодын төлөөллүүд оролцлоо. ҮХГ-ын Дарга Б.Баярсайхан “Энэхүү цахим систем нь Монгол Улсын эдийн засагт тогтвортой өсөлт авчрах хөрөнгө оруулалтын ил тод, зохистой орчин бүрдүүлэх, гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалтыг хадгалж, өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх юм” хэмээн нээлтийн үгэндээ онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улсад тулгарч буй нэг гол бэрхшээл бол бодлогын тогтворгүй байдал юм. Үүнийг засч залруулахад төр болон хувийн хэвшлийн үр дүнтэй, уялдаа холбоотой хамтын ажиллагаа чухал юм. Хөрөнгө оруулагчдаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем нь хөрөнгө оруулагчдад үүсч байгаа асуудлыг ил тод, шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов “КОВИД-19 цар тахал дэлхийн эдийн засагт хүнд нөлөөлөл үзүүлж буй энэ үед хөрөнгө оруулалт татаж, хадгалах, ажлын байрыг хамгаалах шинэлэг арга зам хөгжүүлэх нь урьд хожид байгаагүйгээр чухал болоод байна. Мөн урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой хөрөнгө оруулалтын бодлоготой байж, түүнд нийцсэн арга хэмжээг Засгийн газраас тууштай авч хэрэгжүүлэх нь Монгол Улс шиг шинээр хөгжиж буй зах зээлтэй оронд хөрөнгө оруулалтыг ихээр татах, цаашилбал санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлэх, эдийн засгаа эрчимтэй сэргээх нөхцлийг бүрдүүлэх юм. Тус цахим системийг нэвтрүүлж буй нь Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын шинэчлэл хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хүчин чармайлт гаргаж буйг харуулж байна” хэмээлээ.

Тус систем нь хөрөнгө оруулагчдад гомдлоо цахимаар бүртгүүлж, тэдгээрийг шийдвэрлэх үйл явцад хяналт тавих боломжийг олгох юм. Мөн хөрөнгө оруулагчдад тулгарч буй хөрөнгө оруулалтын орчин болон хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгаатай холбоотой асуудал, зөрчлийн хэргүүдийг бүртгэх үндэсний дата санг байгуулах юм.