"Цар тахал намжихад Монголын үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд илүү хурдан нэвтрэх боломжтой"


Нийтэлсэн: Admin. 2020-10-27


Card image cap

Европын холбооны худалдааны өдрийг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Тус өдөрт зориулсан арга хэмжээ өнөөдөр болон маргааш МХАҮТ-д үргэлжлэх юм.

Уг арга хэмжээнд гаднын улс орны болон, төр, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөгч оролцож буй. Өнөөдрийн арга хэмжээний үеэр “ТРАМ” төслийн багийнхны зүгээс худалдааны бодлогыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хийсэн ажлуудаа танилцуулсан юм.

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын худалдааг дэмжих” “ТРАМ” төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын худалдааны салбарыг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлснээр эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах. Түүнчлэн ядуурлыг бууруулж эдийн засгийн гадаад хүчин зүйлийн нөлөөллийг багасгах юм.

МОНГОЛООС ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ОРОХ МАШ ТОМ БОЛОМЖУУД БИЙ

“ТРАМ” төслийн экспортыг дэмжих бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх Карл Е.Круг, Монголоос Европын зах зээл рүү орох маш том боломжууд бий. Нэн ялангуяа уул уурхайн бус бүтээгдэхүүнүүдийг энд онцолж хэлмээр байна. Гэсэн хэдий ч Монголын экспорт уул, уурхайн салбартайгаа салшгүй холбоотой байдаг. Энэ нь экспортын дүнг өндөр байлгадаг ч эдийн засгийн эрсдэлүүдийг дагуулж байдаг. Иймээс Монголын экспортыг солонгоруулах хэрэгтэй. Олон төрлийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахаар судлах шаардлагатай. Цар тахлын нөлөөнд бага өртөж, дотооддоо халдвар алдаагүй байгаа нь давуу талтай. Монголд бизнес, үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаад таатай байна.

Харин гадаад зах зээл дээр цар тахлын нөлөө хүчтэй ажиглагдаж байна. Япон, Солонгос, АНУ-д цар тахлаас болж олон бизнесүүд хаалгаа барьж байна. Цар тахлын нөлөөгөөр зогсонги байдалд буй цаг үеийг Монголын үйлдвэрлэгч нар ухаалгаар ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд бүтээгдэхүүнээ сайжруулж, гадаад зах зээл рүү нэвтрэх хөгжүүлэлтийг маш сайн базаах нь чухал. Улмаар цар тахал намжих үед Монголын үйлдвэрлэгчид илүү чанартай бүтээгдэхүүнээр илүү хурдтайгаар дэлхийн зах зээлд нэвтрэх боломж байна. Дэлхийн ихэнх улс орнууд үүнд анхаарч, судалгаа хийн ажиллаж байна.

БИД ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСАД 7000 НЭР ТӨРЛИЙГ БАРААГ ТАТВАРГҮЙГЭЭР ЭКСПОРТЛОХ ЭРХТЭЙ Ч ЭНЭ НЬ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖДЭГГҮЙ

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Монгол Улсын экспорт уул, уурхайд суурилсан байдаг. Энэ салбарт цөөхөн хүн ажилладаг хирнээ бүтээмж өндөртэй. Гэвч манай улсын хүн ам хурдацтай өсөж байгаа. Шинээр ажлын байр, нэмүү өртөг бий болгох гол үндсэн хүчин зүйл нь уул, уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх явдал юм. Хэдийгээр бид Европын холбооны улсад 7000 нэр төрлийг барааг татваргүйгээр экспортлох эрхтэй ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Учир нь манайд зээлийн хүү өндөр, манай бүтээгдэхүүний хөгжүүлэлт нь олон улсын босгыг давдаггүй. Тэгэхээр Европын холбооны улс, Гадаад харилцааны яамтай хамтраад ямар арга замаар Монголын экспортыг хөгжүүлж болох талаарх арга хэмжээг гаргаж ирсэн нь “ТРАМ” төсөл юм.

Уг төслийн хүрээнд МҮХАҮ-ийн гишүүдтэй хамтран дөрвөн кластерыг хөгжүүлж буй. Үүнд:

  • Арьс ширний,
  • Чацарганы,
  • Гоо сайхны,
  • Сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер багтаж байна.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгээс кластеруудын ач холбогдлын талаар тодруулахад

Бид бүтээгдэхүүнээ хагас боловсруулаад, хямд зардаг. Эцсийн бүтээгдэхүүн нь Европын холбоо руу гарахдаа хэд дахин нугалсан үнэтэй байдаг. Бид өндөр хүү, технологийн чадамжгүй байдлаас болоод бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулж чаддаггүй. Энэ хоёр асуудлыг давж гарахын тулд нэгдсэн зохион байгуулалтад орохын тулд кластер гэх зүйлийг хийж байна.

Бусад төрлийн компаниуд уул, уурхайтай өрсөлдөж зээл авч чадахгүй байна. Яг л адилхан нөхцөл шаардлага дор зээл авах хүсэлт гаргасан ч зээл авч чадахгүй. Тэгэхээр уул, уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд тусгай зээл хэрэгтэй. Гаднын орнуудад ийм жишиг хэрэгждэг. Сүүлийн үед бараагаа экспортлох юм бол хасах татвар ногдуулж байна. Өөрөөр хэлбэл гадаад улс руу бараагаа экспортлохыг дэмжиж улсаас нь нэмж мөнгө өгч байна. Хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэх саналыг өнгөрсөн жилээс эхэлж тавьсан юм. Үүний үндсэн дээр энэ жилийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2020-2024 оныг хүртэл “Экспортыг дэмжсэн тусгай, хөнгөлөлттэй зээл”-ийг бий болгон гэсэн зорилтыг оруулж чадсан. Энийг биеллээ олоход “ТРАМ” төсөл, Европын холбоо нэгдэж судалгааг нь санхүүжүүлж, үндэслэлийг нь гаргаж өгсөн.

МҮХАҮТ-ын боловсон хүчин олж авсан мэдлэгтээ суурилаад эмийн ургамал ба самрын гэх байгалийн хязгаартай баялгийн кластерыг гаргаж ирсэн. Жишээ нь 20-30 сая ам.долларын үнэтэй самрыг экспортоллоо. Энийг дамлан наймаачид аваад эцсийн бүтээгдэхүүн болгож зараад ойролцоогоор 130-140 сая ам.долларын бүтээгдэхүүн болгож Европ руу гаргадаг. Бид яагаад эцсийн бүтээгдэхүүний гаргаж чадахгүй байна вэ гэвэл нэгдсэн зохион байгуулалт дор ажиллахгүй байгаатай  холбоотой.

Берлин дэх Монголын мэдээлэл худалдааг дэмжих Европын төвийн маркетингийн менежер М.Золзаяа, Монголын мэдээлэл худалдааг дэмжих Европын төв байгуулагдаж байна. Тус байгууллага нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “ТРАМ” төслийн хүрээнд бий болсон. Энэ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжихээс гадна Монголын төр засгаас гаргаж буй бодлогуудад дэмжлэг үзүүлэх зорилготой. Тухайлбал Монголын ААН-ийг сонирхож буй гадаад байгууллагуудад тэдгээрийг нь танилцуулах юм. Ингэснээр мэдээллийн эрэлт, нийлүүлэлтийг зангидан ажиллах зарчимтай.

Одоогийн байдлаар арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 22 ААН-ийн, 50 мянган еврогоор үнэлэгдэхүйц 2650 ширхэг бүтээгдэхүүн энэ сарын 23-ний нислэгээр Франкфуртэд очсон байгаа гэлээ.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭН ТЭРГҮҮНД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ АРГУУДЫГ СУРТАЛЧЛАХ, ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАРТ ЯМАР БОЛОМЖ БАЙГААГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЖ БАЙНА

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр сэдвээр Гаалийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Цэндсүрэн илтгэл тавьсан юм. Тэрээр, “ТРАМ” төсөл гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

  • Монгол Улсын худалдааны бодлого
  • Дэлхийн худалдааны байгууллага, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтэд дэмжлэг болох
  • Монгол Улсын уул уурхайн бус гаралтай барааны экспортыг нэмэгдүүлэх гурван чиглэл багтана.

Эхний хоёр чиглэл хоорондоо уялдаатай. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017 онд хүчин төгөлдөр болсон. Манай улс энэ хэлэлцээрт 2016 онд нэгдсэн. Үүнд нэгдсэний дараа худалдаанд оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулах, хялбаршуулах хэрэгцээ үүссэн. Энэ төслийн хүрээнд нэн тэргүүнд худалдааг хөнгөвчлөх аргуудыг сурталчлах, худалдаа эрхлэгч нарт ямар боломж байгааг нээлттэй гаргаж байна. Улмаар гадаад худалдаа эрхлэгч нарт цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой болж байна гэв.

Хоёр дахь өдрийн буюу маргааш болох арга хэмжээг “GSP Hub” төслөөс зохион байгуулах юм. Уг төсөл нь Европын Комисст Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн талаар мэдээлэл түгээх, ил тод байдал, талуудын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Тус төсөл нь шинэ хөрөнгө оруулалт татах, импортыг дэмжих, олон улсын тогтвортой байдлын стандарт нэвтрүүлэлтийг дэмжих замаар GSP системийн ашиглалтыг нэмэгдүүлэх аж.

Түүнчлэн

  • Европын холбооны хөнгөлөлтийн систем “GSP+”-ийн хүрээнд эдлэх хөнгөлөлтийг хэрхэн нэмэгдүүлэх,
  • Европын компаниудыг Монгол Улсаас бүтээгдэхүүн импортлохыг дэмжих,
  • Олон улсын тогтвортой байдлыг дэмжих,
  • Олон улсын тогтвортой байдлыг хангах стандартууд нэвтрүүлэх мэдлэг, мэдээллийг түгээх аж.

 

Эх сурвалж: https://gogo.mn/r/g6jx9