АНГИЛЛУУД Бүгдийг харах >

МҮХАҮТ-аас УИХ, Засгийн газарт Эдийн засгийг эрчимжүүлэх санал хүргүүллээ


Нийтэлсэн: Admin. 2020-07-07


Card image cap

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВИХ САНАЛ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засагт Ковид-19 вирусийн халдварын тархалтаас үүдэлтэй маш том сорилт тулгарсан энэ үед амжилттай болж өнгөрлөө. Өнөөдөр дэлхий дахинд 10 гаруй сая гаруй хүн халдвар авч, 500 мянган хүн халдварын улмаас амь насаа алдаж, халдварын тархалт буурахгүй байгаа нь үүнээс үүссэн хямралын нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж, улс орнууд эдийн засгийн хувьд асар их хохирол амсаж байна. 

2020 оны 6 дугаар сард Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг шинэчлэн -4.9 хувь байна гэж үзсэн нь 4 сард гаргасан таамаглалаас 1.9 функтээр буурсан дүн юм. Эдийн засаг дах цар тахлын нөлөө 2020 оны эхний хагас жилд илүү хүндээр тусах ба цаашид эдийн засгийн сэргэлт удаашралтай байна гэж үзжээ. 

Дэлхийн банкнаас 2020 оны 6 сард гаргасан таамаглалаар 2020 онд Монгол улсын эдийн засаг 0.5 хувиар буурна гэж үзсэн. 2020 оны эхний улиралд Монгол улсын эдийн засаг 10.7 хувиар агшсан ба экспорт 735.9 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 41.5 хувиар, импорт 124.2 сая ам.доллар болж мөн үеэс 9.7 хувиар буурч, нийт  бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 28.1 хувиар буурчээ. 

Олон улсын хэмжээнд улс орнуудыг эрэмбэлдэг гол индексүүдээр Монгол улс нилээд хойгуур байр эзэлж байгаа бөгөөд зарим индексийн хувьд ухарсан үзүүлэлттэй байна.  Бизнес эрхлэлтийн индексээр Монгол улс 190 орноос 81-т, өрсөлдөх чадварын  индексээр 141 орноос 102-т тус тус орсон. 

МҮХАҮТ-аас 2020 оны 3 дугаар сард явуулсан судалгаагаар 2019 оны Бизнес итгэлийн индекс эерэг үр дүнтэй гарсан ч бизнесийн орчны 2020 оны хүлээлтийн хувьд нийт оролцогчдын 31 хувь нь л сайжирна гэж үзсэн нь өмнөх онтой харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Бизнес эрхлэгчдийн 2020 оны ашиг орлогын хүлээлт 36 хувь байгаа нь өмнөх оны үр дүнтэй харьцуулахад 2 дахин буурсан бөгөөд хөрөнгө оруулалт хийх хүлээлт нь өмнөх оноос 20 нэгж хувиар буурчээ. 

Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, засаглалын институцийг сайжруулах, бизнесийн орчны бодлого хууль эрх зүйг таатай болгох, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг төр засаг ба хувийн хэвшлийн аль алинд нь ноогдож буй хариуцлагатай цаг үед МҮХАҮТ-ын зүгээс УИХ, Засгийн газарт дараах саналуудыг хүргүүлж байна. 

1. Худалдааны асуудлыг дагнан хариуцах яамтай болох, худалдааны хуультай болох

Монгол улсад худалдааны асуудлыг хариуцсан яамны асуудал Засгийн газар солигдох бүрт өөрчлөгдөн шинээр байгуулах, татан буулгах, аль нэг яамны хавсарсан асуудал болсоор удлаа. Өнөөдрийн байдлаар гадаад худалдааны асуудлыг ГХЯ, дотоод худалдаа, аж үйлдвэрийн асуудлыг ХХААХҮЯ хариуцаж байна.  Худалдаа, түүний дотор гадаад худалдааны бодлогын асуудлыг хариуцах байгууллага, хүмүүс байнга өөрчлөгдсөнөөр гадаад дотоод худалдааны   бодлого алдагдаж, салбарын хөгжил зогсонги байдалд орж, худалдаа тарифын зохицуулалт болон гадаад худалдааны тэнцэл алдагдан эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байна.  ХХААХҮЯ-ны хувьд хөдөө аж ахуйг илүү анхаарч, худалдаа үйлдвэрийн асуудал нь хаягдсан байгааг ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл болон махны экспорт дээр гарсан асуудлуудаас харж болно. Түүнчлэн худалдааны хуулийн төсөл боловсруулах асуудал хэдэн засгийн газрыг дамжин яригдсан боловч одоог хүртэл худалдааны хуульгүй байна. 

Дэлхийн 205 улсын 195 нь худалдааны яамтай, түүний дотор 51 нь гадаад худалдааг дагнан хариуцдаг, 61 нь худалдаа аж үйлдвэрийн яамтай, 32 хувь нь худалдаа эдийн засгийн хөгжлийн яамтай, 50 гадаад харилцаа, худалдааны яамтай байна. 

Худалдааны салбарын өнөөгийн байдлыг авч үзвэл, худалдааны асуудлыг хариуцсан яамтай байх, худалдааны хуулийг гаргаж бараа үйлчилгээний худалдааг зохицуулах, гадаад эдийн засаг, худалдааны нэгдсэн бодлогыг явуулах, экспортыг бодитоор дэмжих зайлшгүй шаардлага урган гарч байна. 

2. Аж үйлдвэрийн салбар, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих

Үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр 1995 оноос хойш олон хөтөлбөр, бодлого  гарсан байдаг. Тухайлбал төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого /2015/, Үйлдвэрлэлийг  дэмжих тухай хууль /2015 он/, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр батлах тухай /2018/,  Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай /2019 он/ зэрэг болон аж үйлдвэрийн тодорхой салбарын хөтөлбөр бодлогууд, хууль тогтоомж гарч байсан. Гэвч төрийн бодлогын залгамж халаа, хуулийг хэрэгжүүлэх төрийн институци тогтворгүй, хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр байхгүй зэргээс үр дүн, хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. 

Аж үйлдвэр, түүний дотор боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг тогтолцоогоор нь авч үзэх,  төрийн байгууллагуудын гаргаж байгаа бодлого, салбар хоорондын зохицуулалт, үйл ажиллагааг уялдуулах нэн шаардлагатай. Үүний дотор  стратегийн ач холбогдол бүхий нефьт боловсруулах, зэс хайлуулах ба гангийн үйлдвэр боловсруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрийг шинээр барих, өргөтгөхөд оруулж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн  дэмжих үүднээс төрийн ба төрийн өмчит компаниудын худалдан авалтыг нэгдсэн, үр дүнтэй бодлого гаргаж хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй.

3. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг дэмжих

Эдийн засгийг тэлэхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах ба экспортыг нэмэгдүүлэх гэсэн хоёр арга зам бий. Монгол Улс хэдийгээр хууль, зохицуулалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтанд нээлттэй боловч бусад улс орнуудтай харьцуулахад гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй байна. Статистикаас харахад 2012 оноос хойш гаднаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 81 хувийг байгалийн нөөц баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт эзэлж байгаа нь эдийн засгийн төрөлжилтийн хувьд тун хязгаарлагдмал байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улсад тулгарч буй нэг гол бэрхшээл нь улс төрийн ба бодлогын тогтворгүй байдал юм. Хэдийгээр 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад нөлөөлсөн гэх боловч гадаад этгээдийн хувь эзэмшил, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, ажиллах зөвшөөрөл зэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг эргэн харж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж зохицуулалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах шаардлага байгаа юм. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг хувийн хэвшлийн оролцоотой боловсруулах, хөрөнгө оруулалтыг дэмжин сурталчлах, дэмжих чиг үүрэг бүхий бие даасан институтыг байгуулах нь нэн тэргүүнд шаардлагатай байна. Мөн төрийн ба хувийн хэвшлийн байгууллагууд үр дүнтэй, уялдаатай хамтын ажиллагаа гадаад хөрөнгө оруулалтыг татах нэг чухал хүчин зүйл юм. 

4. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих

Жижиг дунд бизнес нь аливаа улсын эдийн засаг болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг. Монгол улсын хувьд нийт ажлын байрны 57 хувь, аж ахуйн нэгжийн 86 хувийг эзэлж байгаагаараа хөгжиж байгаа орнуудад дөхөж байгаа ч ДНБ-ний  20 хүрэхгүй хувь буюу 2 дахин бага, экспортын 2,3 хувь буюу 13 дахин бага байна. Хэдий тийм боловч жижиг дунд бизнес нь  хот хөдөөгийн иргэдийн, түүний дотор эмэгтэйчүүдийн орлогын гол эх үүсвэр болдог.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд олон жилийн туршид зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх гэсэн асуудлыг байнга ярьж ирсэн ч бүрэн шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн сан, зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулах, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

5. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоог шинэчлэх

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн судалгаагаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд жилд дунджаар 70 гаруй мянган ажиллах хүчний эрэлт үүсдэг бол сүүлийн 3 жилд 15 орчим мянган ажлын байр ажиллах хүчний хомсдолтой байна. 

Танхимаас 2017 онд Бизнес орчны судалгааг үндэсний хэмжээнд анх удаа явуулж, бизнесийн орчныг үндсэн 5 дэд бүлэг үзүүлэлтээр үнэлсэн. Үүний нэг дэд бүлэг үзүүлэлт болох  эдийн засгийн орчны  “Хүний нөөц, ажиллах хүч” гэсэн үзүүлэлт нь 3.25 үнэлгээ авсан нь авах боломжит дээд утга 7–тай харьцуулахад доогуур үнэлгээ байгаа нь анхаарал татаж байгаа юм. 

Монгол улс шиг хөгжиж байгаа, төрөөс сайн чанарын суурь боловсрол олгох боломж хязгаарлагдмал байгаа энэ үед мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан ур чадварыг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, салбарын эрэлт хэрэгцээг хангах үндэсний хэмжээний үр дүнтэй хөтөлбөр, арга хэмжээ чухал бөгөөд үүнд хувийн хэвшлийн оролцоо зайлшгүй хэрэгтэй юм. 

Эдийн засгийн салбарын өсөлт, гадаад дотоод орчны өөрчлөлт, техник технологи, мэдээллийн технологийн хувьсал өөрчлөлтөнд нийцэх ажиллах хүчнийг бэлтгэхэд  дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд мэргэжлийн боловсролд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд төрийн бодлого зохицуулалт дэмжлэг чухал байна. 

6. Төрийн хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх

МҮХАҮТ нь  2003 оноос төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хэлэлцлийг оновчтой механизмыг бий болгох чиглэлээр анхаарч үндэсний хэмжээнд болон аймгийн түвшинд санал санаачилга гарган ажиллаж ирсэн. 

Германы техник хамтын ажиллагааны төсөл, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүрээнд аймгуудад төр хувийн зөвлөлдөх хороог зарим аймгуудад байгуулсан байдаг ч төр засаг, орон нутгийн удирдлага солигдох болон бусад шалтгааны улмаас байгуулагдсан хороодын үйл ажиллагаа тогтвортой явагдаж чадахгүй өдий хүрчээ. Орон нутагт явуулсан судалгаагаар төрийн хувийн хэвшлийн ойлголцол, хамтын ажиллагаа орон нутагт боломжит дээд утга 10 байхаас 4.7 гэсэн үнэлгээг авсан нь тун хангалтгүй юм.

Төр хувийн хэвшлийн үндэсний хэмжээний зөвлөлдөх хороо, түүний доор эдийн засгийн гол салбар бүрт, аймаг бүрт Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх бүтцийг бий болгох замаар тогтолцоог бүрэн болгох, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллах нь чухал юм.

7. Авилга, хүнд суртлын эсрэг төр ба хувийн хэвшил хамтдаа тэмцэх

Азийн сангийн “Бизнес эрхлэлтийн орчин дах авлигын нөхцөл байдал 2018” судалгааны тайлангаас харахад  2016 оноос хойш төрийн албан дах авлигын нөхцөл байдал бага зэрэг сайжирсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хувийн хэвшил дэх авлигын түвшинтэй харьцуулахад муу үзүүлэлт хэвээр байгаа дүнтэй байна.

Төрийн үйлчилгээ нь авлигад хамгийн ихээр өртөмтгий салбарт тооцогдсон хэвээр байна. 2015-2018 оны хооронд уг судалгаанд оролцогчдын бараг тэн хагас нь төрийн албаны авлига тэдгээрийн бизнест “маш ихээр” буюу ”тодорхой хэмжээнд” нөлөөлсөн гэж мэдэгдсэн байна.

МҮХАҮТ-аас тогтмол гаргадаг Хүнд суртлын индекс-2018 судалгаагаар хүнд суртлын ерөнхий индекс нь боломжит дээд утга 5 байхаас 2.51 гарсан.

Бизнесийнхэний хувьд тулгамдсан асуудал болох авилгаас ангид байх, хүнд суртлын бууруулах нөхцөлийг бүрдүүлэх зөв тогтолцоог бий болгох, өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын ил тод, шилэн байх явдлыг хангах, улам бүр боловсронгуй болгох шаардлагатай бөгөөд үүний төлөө төр хувийн хэвшил хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байх болно.

8. Цар тахлын бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах, эрсдэлийг бууруулах

Ковид 19 вирусийн бизнест үзүүлэх нөлөөллийн талаар 3 дугаар сарын 3-нд явуулсан асуулганд нийт оролцогчдын 57 хувь нь бизнест маш их нөлөөлсөн гэж үзсэн бол 5 сард энэ үзүүлэлт 73 хувь болж 16 хувиар өслөө. Цар тахлын улмаас эдийн засаг, бизнест учирч байгаа эрсдэлийг бууруулах, бизнест дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

  • 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудыг танах
  • Халдвар хамгааллыг өндөр хэмжээнд хангуулах нөхцөлтэйгөөр гаднаас ажиллах хүч оруулах талаар судлан үзэж, тодорхой арга хэмжээ авах
  • Банкны зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах
  • ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлэх, Засгийн газрын тусгай сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх 
  • ЖДҮ-ийг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • ЖДҮ-ийн импортын тоног төхөөрөмж, түүхий эд, материалын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 
  • Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар Эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2020 оны 06 сарын 04

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим - https://www.mongolchamber.mn/a/410